Өнөө цагийн Шинэ Монгол адуу

Нэгдүгээр сар 10th, 2010 by nemo Leave a reply »

mo

Өнөөдөр бид Монгол оронд хурдан угшлын адуу бий болгох эрчимтэй хөгжлийн эрин үед амьдарч энэ үйл явдлийн гэрч нь, оролцогч нь болж явна.

Монгол улсын түүхэнд урд нь хэзээ ч 8 мянган бээрийн тэртээгээс хурдан хүлгүүдийг тээн авчирч байсангүй, өнөөдрийнх шиг ийм өндөр шагналын сан, бооцоотой уралдаан болж байгаагүй билээ. Мөн адуу үржилийн ажилд ийм их хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй юм.

Монгол адуу бол тэсвэр сайтай, өл хоол сайн даадаг ер нь байгалийн эрс тэс уур амьсгалд онцгой зохицсон адуу юм. Манай зарим эрдэмтэд гадаад адуугаар монгол адууг эрлийзжүүлэхэд дургүйцдэг. Монгол адууны генфондод нөлөөлнө гэж үздэг. Монгол улс 2 сая адуутай. Өнөөдөр миний тооцоогоор 60 гаруй сайн үүлдэрийн гадаад азарга Монголд үржлийн ажилд оролцож байна. 1 азарганд 15 гүү тавина гэж бодоход 60 азарганд 900 гүү ноогдож байна. Энэ нь нийт адууны дөнгөж 0,05 хувь болж байна. Энэ тоон үзүүлэлт бол монгол адууны генфондод нөлөө үзүүлэх тоо биш гэж би бодож байна.

АНУ нь 6 сая гаруй адуутай боловч цэвэр цусны англи гүү нь ердөө 50 мянга байдаг.

Австрали 21 мянган, Ирланд 20 мянган, Англи 10 мянган, Япон 9 мянган, Франц 8 мянган цэвэр цусны англи гүүтэй. Манай улсад өнөөдрийн байдлаар цэвэр цусны англи азарга 15, гүү 13 байна. Бусад орж ирсэн адуунууд нь Араб, Будённый, Тракен,Ахалтек, Дон, Кабардин, Орловын хатирч, Англи-Араб, Англи-Будённый, Англи-Кабардин, Англи-Крачеев, Англи- Ахалтек, Англи-Тракен, Англи-Терскийүүлдэрийнх болно.

Саяхан Монгол туургатны бөхийн барилдаан Улаанбаатарт боллоо. Хувь заяаны эрхээр тархан суурьшсан монголчууд нэгэн далбаан дор барилдахыг харж байхдаа удахгүй Монгол туургатны хурдан морины уралдаан болно доо гэж бодож суулаа. Тэр цагт Халимагууд, Буриадууд хурдан хөлт тоомсог адуугаа хөтлөөд ирэхэд Тусгаар туургат Монгол улсын маань адуу тэднээс илүү юу гэхээс дутуу байж яавч таарахгүй.

img_1163


Дэлхий дээр цэвэр цусны Англи адуу буюуThoroughbred үүлдэрийн адуу хамгийн хурдан байдаг. Энэ адууг хүн төрөлхтөн бий болгоод 300 гаруй жил болж байна. Гэтэл монгол адуу хэдэн мянган жилийн түүхтэй.

Бид хурдан адууны удмын бичиг гаргамаар байна. Монгол хүмүүс бид өөрсдийнхөө 5 үеээ мэдэхгүй байхад Англи адуу 20 үеийн удмын бичигтэй байна.

Буянтай буурлууд маань амьд сэрүүн байгаа дээр Аймаг, сумдын уяачдын холбоо санаачлага гаргаж нутаг усныхаа Хурдан адууны удмын бичиг хөтлөж эхлэмээр байна. Үүнийг дараа нь ММСУХолбоо төвлөрүүлээд монголын хурдан адууны удмын сантай болмоор байна. Манай оронд адуу эрлийзжүүлэх ажил эрт цагийн улбаатай ажээ. Монголын нууц товчоонд бичсэнээр Чормаган хорчи, Багдад улсыг дагуулжээ. Өгөөдэй хаан зарлиг буулган… урт хүзүүтэй, өндөр хөлтэй аргамаг морьдыг жил бүр хүргэн ирүүлж байгтүн гэжээ. Багдад нь өнөөгийн Ирак улсын нийслэл билээ. Иймээс эдгээр нь Араб адуу байсан болж таарч байна.

Мөн хувьсгалаас өмнө Богд хааны сүйх тэргэнд том биетэй тоомсог морьд хөллөж байсан мэдээ байна. Дашрамд дурдахад Тоомсог адуу гэдэг нэр монголд нэвтэрсэн түүх сонин юм. Энэ тухай Монголын хурдан морины домог, түүх номонд бичсэнээр 20 дугаар зууны эхээр дайн дажины хөл, Манж-хятадын хавчлагаас дайжсан Илийн голын торгууд, цахарын ноён Өөлөн харьяат албатуудаа дагуулан Шинжаанаас хойшоо гарч Оросын Томск хотоор дайрч нүүдэл хийн Сибирээр дамжин дүрэвсээр Монголын хойд хил Хиагтад тулж ирсэн байна. Богд хаан Өөлөн ноёнд Сумьяа нэрийг хайрлаж Бэйс цол хүртээн албат иргэдийг нэгэн хошуу болгон Монголын хойд хилийг мануулах зорилгоор Зэлтэр харуулд буулгажээ. Тэд Оросын нутгаар дайран өнгөрөхдөө Томск хот хавиас наймаа хийн авч ирсэн өсгөлүүн том биетэй гоёмсог адуугаа Томск адуу гэж нэрлэж байснаас яваандаа Монголд том биетэй адууг Тоомсог хэмээн нэрлэх болжээ. Тэгэхэд Сумьяа бэйс өөрөө сайхан хүрэн халзан тоомсог унаж ирсэн гэдэг.

img_1952Мөн 1920-иод оны үед Оросын улаан хувьсгалаас зугтаасан хорь буриадууд хойноос Хадакт үүлдэрийн эрлийз адуутайгаа цуг Монголд иржээ. Тэд Цэцэн Хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт сумьдын нутагт суурьшсан юм. Энэ Хадакт үүлдэрийн адуу бие томгүй боловч их хурдан хатирч адуу байжээ. Хадакт адууг Читийн морин заводад Орловийн хатирч бор азаргаар буриад адууг эрлийзжүүлэн гаргаж авсан гэж хуучны буриад өвгөд хуучилдаг байж. Дадалын буриад өвгөн Магсаа Баламын(Магсар Палам)Хадакт цагаан гүүнээс гарсан эр төл болгон хурдалсан гэдэг. 1940-өөд оны сүүлээр онцгой хурдалж байсан Задгай Дашийн хурдан хар морь бол энэ цагаан гүүний удам билээ. Хадакт адууны онцлог нь маш шингэн дэлтэй, шодон сүүлтэй байжээ. Үүнээс ургуулан бодоход Дарьгангийн хурдан шодон буурал адуу Хадакт адуутай холбоотой байж болох юм. Хардал жанжин бэйс Пүрэвжавын жич хүү Г.Бямбаатай хөөрөлдөхөд тэрээр Өвгөн ноёны Оонон хар азарга Хадакт удмын адуу байсан гэж ярилаа. Оонон хар нь маш шингэн дэл, сүүлтэй хатирдаг азарга байжээ. Мөн Өвгөн ноёны Өлгөр хүрэн азарга адуун дундаа явж байгаагий нь араас нь харахад морьтой хүн адууг туугаад явж байгаа юм шиг харагддаг байсан гэнэ.

Г.Бямбаа Өвгөн ноёны өөрийн гараар зурсан Өлгөр хүрэн азарганы зургыг надад үзүүллээ. Үнэхээр л өлийсөн урт хүзүүтэй том сайхан эрлийз азарга байна.

Би 2006 онд ОХУ-ийн Чита мужийн Хадакт тосгонд очиж Хадакт адууны тухай сураглахад энэ тухай мэдэх хүнгүй болсон байсан ба тэр тосгонд тэрэгний хэдэн мориноос өөр адуу байгаагүй.

1930-аад оны сүүлээр ЗХУ-н маршал Будённый-н шууд дэмжлэгтэйгээр Төв аймгийн Жаргалантийн САА-н Тал Булаг гэдэг газар Адуун завод байгуулагдсан. Энд зүүн аймгаас хураагдаж ирсэн адууг орос азаргануудаар эрлийзжүүлэн Монгол улсад үүлдэрлэг адуу бий болох таатай нөхцөл бүрдсэн юм. Мөн Зэрлэг тахийн азарга, гүү энэ үржлийн ажилд хамрагдсанаар тахийн цустай өвөрмөц шинэ холимог цустай адуу бий болсон. Дараа нь 1962 онд Морин завод татан буугдахад тахийн цустай 200-аад сайхан шар хээр эрлийз гүүнүүд Морин тойруулгад шилжэн очсон нь шинэ үеийн хурдан эрлийз адуу үүсэн бий болохийн дэвсгэр суурь нь болсон билээ.

1966 онд ЗХУ-ийн Ростовийн морин заводаас Англи-Будённый үүлдэрийн Колизей, Индекс, Чирс, Рыкошет, Сбор, Кросс нэртэй 6 хурдан азарга ирсэнээр бидний мэдэх хурдан тойруулга адуу бий болоход шууд түлхэц болсон. Эдгээр нь бүгд Орос нутагтаа уралдаж түрүүлсэн шилмэл хурдан азарганууд байсан. Улсын баяр наадамд 1 түрүүлж , 2 айрагдсан Их салхин хүрэн халзан азарга бол Колизей-н төл билээ.

Их салхины төлүүд болох Солонго хэмээх цавьдар халзан азарга Улсын баяр наадамд 3 түрүүлж , 4 айрагдсан бол, Алдарт хурдан Алтан гадас азарга Улсын баяр наадамд 1 түрүүлж, 2 айрагдсан билээ. Улсын баяр наадамд 3 түрүүлж, 1 айрагдан цуут тогоруу удмын адууг үндэслэсэн Тогоруу халтар азарга бол Индекс-н шууд төл юм.

Гэвч морин тойруулгийн тэр сайхан адуунууд улсынх байсан учир замхараад алга болсон.

img_19391Ер нь ямар нэг юм хувьд очихоороо сайжардаг жамтай. 2000 он гарсанаар Монголд хурдан үүлдэрийн адуу бий болгох ажилд Монголын хурдан морь сонирхогч залуу бизнесмэнүүд ханцуй шамлан орсон юм. Одоо Шинэ монгол адуу бий болгох ажлын тэргүүн эгнээнд Максын Ганбаатар, Б.Билэгдэмбэрэл, Э.Ганбат, Д.Онон, С.Ганхуяг, Э.Тамир, Г.Алтангэрэл, Тэрбиш, Содномцог нар явж байна.

Энэ ажлын үр дүнг 2007, 2008, 2009 оны Улсын баяр наадмын хурдан морины уралдаанууд дүгнэн харууллаа. 2007 оны Улсын наадамд Б.Билэгдэмбэрэлийн Оросоос авчирсан Англи-Араб халзан азарганы төл Хүрэн даага түрүүлсэн бол, 2008 оны Улсын баяр наадамд Максын Ганбаатарын Англи- Будённый азарганы төлүүд болох Халзан соёолон ба Зээрд даага нь хурдан адууны эд хавийг гайхуулан шидсэн чулуу шиг тасархай хол түрүүллээ. img_1991Мөн Манлай уяач С.Ганхуягийн Англи-Кабардин азарганы төл Ногоон шүдлэн үрээ түрүүлсэн. 2008,2009 оны Улсын наадмуудад шүдлэн, хязааландаа дараалан аман хүзүүдсэн Монгол улсын шадар сайд М.Энхболдын хээр үрээ нь Англи-Кабардин азарганы төл билээ.

2009 оны Улсын баяр наадамд эзэн хүнийхээ магнайг тэнийлгэн тасархай түрүүлсэн Э.Тамирын Ардчилалхүрэн дааганы эх хар гүү бол Англи- Будённый үүлдэрийнх юм. Мөн 2008,2009 оны Улсын наадмуудад даага,шүдлэндээ дараалан айрагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Галбадрахын хүрэн халзан үрээ нь Англи-Араб халзан азарганы төл билээ. Эдгээр нь бүгд бодлогоор гаргаж авсан Шинэ монгол адуу юм.

Монгол адуу 20-25 км-т 40 км/цаг-н хурдтай давхидаг. Харин шинэ монгол адуу энэ зайд 45 км/цаг-н хурдтай давхиж байна. Англи адуу 200 м-н таранд 75 км/цаг-н хурдтай, 2400 м-н уралдаанд 60 км/цаг-н хурдтай давхидаг. Харин орос эцэгтэй эрлийз даага таранд 60 км/цаг-н хурдтай давхиж байна. Монголд орж ирсэн сайн үүлдэрийн азарганууд голдуу 15 гаран гүү хурааж байна. Тэд тарган байвал ороо сайтай байна. Эрлийз унага төрөхийн бэрхшээл нэг их гарахгүй байна. Эхийнхээ савыг дагаад гарч байна. Монголын нөхцөлд араб адуу арай тэсвэртэй нь ажиглагдлаа. Ер нь гаднаас оруулж ирсэн сайн үүлдэрийн азаргануудыг монголын нөхцөлд маллахад дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

  1. Жилийн 4 улиралд байнгийн тэжээж тарган байлгах(овёосоор тэжээх)
  2. Өвөл зүчээнд өвөлжүүлэх. Гэхдээ зүчээг галлаж болохгүй. Галласан дулаан зүчээнээс оруулж гаргахад халуун хүйтний хавсарга болж хатгаа авч уушиг гэмтэн амархан үхнэ. Англи адуу тарган байвал хүйтнээс айхгүй. Харин хөлөрсөн үед нь нэвт салхи аюултай.
  3. Арьс хөрс нимгэн учир ялаа,шумуулаас хол байлгах
  4. Өдөрт 2 болон түүнээс дээш услах(болбол байнгийн устай байлгах)
  5. Билчээрт зун гаргавал монгол азарганаас хол байлгах

  6. Хамгийн гол нь авчирсан эхнийхээ жил аажим аажимаар юм үзүүлж тэсвэр хатуужилтай болгож авах хэрэгтэй.

Эдгээр азарганууд нь сүргээ хамгаалах инстинкт муутай. Зарим нь адуугаа хаячихаад яваад өгнө. Шуурганд адууныхаа урд орчихоод уруудаад шогшиж явах жишээтэй. Зүрх зориг ихтэй учир монгол азаргатай хамаагүй ноцолдож уруулна. Шарх даахдаа муу.

Гэвч зарим нэг орос азарга онцгой чадвартай дасан зохицож байна. Жишээ нь Б.Билэгдэмбэрэлийн Анги-Араб бор халзан азарга жилийн 4 улиралд билчээрээр явж гүүгээ Монгол азарга шиг хурааж чадаж байна. Миний Кавказаас авчирсан Англи-Араб бор азарга сүргээ маш сайн хамгаалж, нэг ч гүүгээ өөр азарганд алдахгүй байна. Мөн шуурга болоход адуугаа хөөгөөд хашаан дээрээ аваад ирдэг. 2008 оны 5 сарын 30-аас 6 сарын 1-ний хооронд Дорнод аймгийн баруун, Хэнтий аймгийн зүүн тал болон Сүхбаатар аймгийг дамнасан асар хүчтэй шороон болон цасан шуурга болж олон тооны адуу мал уруудан үхсэн байгалийн их гамшиг болсон билээ. Ийм шуургыг сүүлийн 50 жилд үзээгүй гэж нутгийн өвгөн буурлууд ярьж байсан. Энэ шуурганд монгол азаргатай адуу уруудан сарнисан байхад энэ Англи-Араб бор азарга адуугаа жалганд хориод уруудаагүй юм.

Дашрамд дурдахад энэ бор азарганы төл охин буурал даага Ирээдүйн Түмэн эх-2009 хурдан дааганы өндөр бооцоот уралдаанд аман хүзүүдсэн бол эр хонгор халзан даага нь Хангайн бүсийн хурд-2009уралдаанд аман хүзүүдсэн билээ.

img_18911Орон нутгийнхнаас Дорнод аймгийн уяачид хамгийн түрүүнд авхаалж самбаа гарган ОХУ-н Агийн буриад нутгаас сайн үүлдэрийн азарганууд оруулж ирээд байна. Хэнтийн уяач Содном хөрөнгө мөнгө гарган Оросоос ирсэн азарга худалдан авлаа. Мөн Завхан аймгийн Тэлмэн сумын Энхболд, Ш.Норовсамбуу тэргүүтэй уяачид Улаанбаатараас сайн үүлдэрийн азарганы төл аваачиж адуугаа сайжруулах ажилаа эхлээд байна.

Цэвэр цусны Англи адуу бол зөвхөн уралдах зорилгоор олон жилийн үржил селекцийн нөр их хөдөлмөрийн үр дүнд гаргаж авсан адуу юм.(Энэ адууг уналга ачилга, ан гөрөө, мал хариулахад хэрэглэдэггүй, цэрэг дайны зориулалтгүй, махийг нь хүнсэнд ашигладаггүй)

Энэ адуу чухам ямархуу үнэ цэнэтэйг дараах жишээ харуулна. Алдарт Нортерн Дансер азарга 1 сая долларын ханштайгаар гүү гишгэдэг байсан. Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр шагналийн сантай уралдаанууд болох Францийн Триумфальная Арка, Арабын Дубайн цом, Австралийн Мельбурны цом, Америкийн Бридерс кап, Английн Эпсомийн Дерби, Японы цом зэрэг нь бүгд Англи адууны уралдаан юм.Эдгээр уралдаанд түрүүлсэн адуу 2-оос 5 сая долларын шагнал авдаг.

Австрали улсад Мельбурны цом болох өдөр энэ улсын бүх нийтээрээ амардаг баярын өдөр болдог. Энэ өдөр Австралийн сургуулийн сурагчаас эхлэн өтгөс буурлууд хүртэл бүгд телевизорийн өмнө шимтэн сууж бооцоо тавин хэн гэдэг эрийн хурдан хүлэг түрүүлж азийн тэнгэр нь шовойхийг тэсэж ядан хүлээдэг.

Саяхан Медаглиа дОро гэдэг цэвэр цусны англи азаргыг Арабын Шейх Махмуд 60 сая доллараар худалдан авлаа.

Цахилсан зээр шиг хөлийн хурдтай Уулын буга шиг гуа цогцостой Англи адуу бол хүн төрөлхтний туурвисан хамгийн гайхамшигт амьд бүтээлүүдийн нэг билээ. Энэ бүтээлийн амт шимтээс хүртэлцэн суугаа Монгол уяачид бид бас хувьтай.

Үлгэр домогт гардаг шиг жигүүрт хурдан хүлгийг сойж Шинэ удмын хурдны хурыг буулган Цэнгэн наадах цаг Монгол зонд нэгэнтээ иржээ.

Энэ бол Шинэ Монгол адууны эрин үе.

Монгол улсын алдарт уяач Э. Ганба

Advertisement

Trackbacks /
Pingbacks

  1. zdorov-med.ru

Leave a Reply